АЗИЙН ОРНУУДЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ЦАР ТАХАЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

АЗИЙН ОРНУУДЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ЦАР ТАХАЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Цар тахлын улмаас 2020 онд үл хөдлөх хөрөнгийн салбарт таамаглаагүй маш олон өөрчлөлтүүд гарсан. 2020 онд оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламжийн түрээсийн үнэ 3%-5% өсөлттэй байна гэж таамаглаж байсан боловч бодит байдал дээр байгууллагууд  хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас түрээсийн дундаж үнэ 4-5%-иар буурсан байна. Хонг Конг SAR, Хятад болон АНУ-ын Худалдааны зөрчил болон цар тахлаас үүдэн үл хөдлөх хөрөнгийн үнэ дунджаар 13.6%-иар буурсан ба орон даяар 1.8%-12.6%-ийн сул талбай үүссэн байна.

2021 онд бизнесүүд ковид19-ийн нөхцөл байдалтай харьцангуй дасан зохицож, эрсдэлийг даван туулсанаар үл хөдлөх хөрөнгийн үнэ ихэнх хүмүүсийн хувьд таамаглаагүй өндөр өсөлттэй байна. Харин хөрөнгө оруулагчдын хувьд аль хэдийн энэ өсөлтийг тооцоолон харж томоохон хөрөнгө оруулалтуудыг энэ салбарт хийж байна гэж “Knight Frank”-ийн жил бүр гаргадаг “Азийн орнуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тойм”-д мэдээлжээ.

ОФФИСЫН ЗАХ ЗЭЭЛ

2021 онд Азийн орнуудад үүсч буй эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ихэнх байгууллагууд эргээд хэвийн ажиллаж байгаа ч ажлын байрны шинэ стратеги болох илүү алсын зайнаас ажиллах, хамтын оффис бий болгох, оноож өгдөг албаны ширээг багасгах, бүтээлч орон зайг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтүүд ажлын байранд нэвтэрч байна. Мэдээж энэ өөрчлөлтүүд бизнесийн салбараас шалтгаалан өөр өөр байх ба ихэнх байгууллагууд зайнаас ажиллах соёлыг нэвтрүүлэн гэрээсээ ажиллах, хүссэн газраасаа ажиллах зэргээр хуучин оффисын зайгаа багасгаж илүү ухаалаг хэлбэрлүү шилжиж байна. Ингэхдээ төв оффисууд заавал байх бөгөөд уулзалтууд зохион байгуулах, ажилчид нүүр тулж уулзах шаардлагатай гол орчин болох юм. Энэ үйл явц нь оффисыг илүү бүтээлч, хамтран ажиллахад илүү хялбар болгох шилжилт болж, илүү олон кофе шоп, илүү том буфет, олон уулзалтын өрөө, хуувиарлаагүй суудлын хэсэг зэрэг хамтын соёлыг нэвтрүүлж байна.

Jakarta, Manila, Shanghai, Beijing зэрэг хотуудад өнгөрсөн жилд барилгын ажил нь дуусаж энэ жил худалдаанд гаргахад бэлэн болж буй томоохон бүтээн байгуулалтуудтай холбоотойгоор шинэ нийлүүлэлт 20%-30% нэмэгдэх магадлалтай байна.

Тэгвэл 2021 он хөрөнгө оруулагчдын хувьд боломж мөн үү?

Дэлхийн эдийн засгийн хямрал, огцом уналтын дараа эргэээд хэд дахин өсдөг ба үүнийг харж чадсан хөрөнгө оруулагчид хождог. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд 15%-20%-иар өсөх таамаглалтай (JLL Ази Номхон Далайн орнуудын үл хөдлөх хөрөнгийн 2021 төлөвийн судалгаа) байгаа учир илүү аюулгүй замаар хөрөнгөтэй болох хүсэлтэй хөрөнгө оруулагчдын хувьд боломж юм. 2010 онд явагдсан глобал эдийн засгийн уналтын дараа хөрөнгө оруулалтын хувь 47%-иар өсч байсан. Энэ удаад ч мөн адил хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтыг ашиглан хожил олох, үнэ цэнэ нь өсөх төслүүд рүү мөнгөн урсгалыг төвлөрүүлж байна.  

Дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын улмаас зайнаас ажиллах соёл өнгөрсөн жилээс нэмэгдэж байгаа ч судалгаанаас үзэхэд Ази Номхон далайн орнуудын хөрөнгө оруулагчдын 31% нь орон сууцны бус оффисын төсөлд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэж байна.

Бизнесүүдэд оффис хэрэггүй болж байна гэж үзэж болох уу?

Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, санхүүгийн хувьд хүчирхэг болсон эсвэл өөрийн эзэмшлийн оффистой байгууллагууд энэ цаг үед илүү аюулгүй, богино хугацааны санхүүгийн эрсдэлийг даах чадвартай байна. Цар тахлаас авсан гол сургамж нь бизнесийн байгууллагууд өөрийн хөрөнгөтэй болох, болзошгүй эрсдэлд зориулсан хөрөнгийн санг үүсгэхийг зөвлөж байна.

Colliers-ын удирдах зөвлөлийн гишүүн Теренсе Тангийн хэлж байгаараа Азийн зах зээлд оффис хэзээ ч хэрэглээнээс гарахгүй, учир нь ихэнх хүмүүсийн хувьд гэртээ компьютер дээрээ суугаад ажлаа хийх хангалттай орон зай байдаггүй. Тэд илүү төвлөрч, илүү бүтээлч, илүү хурдтай ажиллаж чадахгүй байна. Залуу үе оффисын орчинд байснаараа дээд тушаалтнуудаасаа суралцах, амьд харилцаа үүсгэх боломжтой болдог. Оффис бол компанийн соёлын томоохон хэсэг яах аргагүй мөн. Хэрвээ чи оффисын зах зээл эрэлттэй байна гэж итгэж байгаа бол энэ зах зээлд хөрөнгө оруулах нь энэ цаг үеийн хамгийн ухаалаг аюулгүй хөрөнгө оруулалт болох болно гэжээ.