Ц.Дашцэрэн: Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа компаниудад зориулсан оффис алга

2018 онд ямар төрлийн үл хөдлөх хөрөнгө хамгийн эрэлттэй байсан талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

2018 он үл хөдлөх хөрөнгийн салбарт сүүлийн 5 жилийг харьцуулбал хамгийн их боломж авчирсан жил байлаа. Барилгын салбарт сүүлийн 3 жилийн турш хийгдээгүй бүтээн байгуулалтууд хөдөлсөн. Худалдааны хувьд ч бас бүтээн байгуулалтаа дагаад өсөлтүүд гарсан. 2014 оноос энэ жилийг хүртэл харьцуулалт хийвэл 2018 онд хамгийн их орлого олж, сүүлийн 4 жилийн уналттай үеэс сэргэлтийн мөчлөг рүү шилжлээ. Түүнчлэн уналтын үеэр үүссэн үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хагарч бодит хөрсөн дээрээ дөхөж ирсэн. Жишээ нь тансаг зэрэглэлийн хауснууд 1 сая долларын үнэ ханштай байсан бол 300-400 мянган доллар руу буугаад ирж байна. Стандарт сайн байрны мкв-н үнэ 2 сая 500 мянга болон буулаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг орон сууц, оффис, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай гэж ерөнхий ангилдаг. Түүнээс орон сууцыг тансаг, стандарт сайн, стандарт  гэж ангилна. Орон сууцны зах зээлийн хамгийн өндөр ашиг олсон, борлуулалт өндөртэй байсан хэсэг нь “стандарт сайн” ангилал байв. Өнгөрсөн жилийн хувьд зөв концепцтой ийм төслүүд амжилттай борлогдсон. Учир нь тансаг зах зээлийн худалдааны тоо хэмжээ цөөхөн, үнийн хувьд хамгийн их хөөсрөлттэй байж байгаад унасан. Харин стандарт төслийг зах зээлд амжилттай нийлүүлэхийн тулд хэрэглэгчдийн төлбөрийн чадамжид нийцсэн үнэ, уян хатан төлбөрийн нөхцлийг санал болгож байж амжилттай болдог.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт ямар байсан бэ?

Манай компанид 2000 оноос хойшхи бүх үнийн судалгаа бий. Монгол улсын эдийн засаг 2010 оноос хойш бодитоор 83 хувь өссөн. Үүнийг дагаад орон сууцны үнэ 100 хувь өссөн бол оффисын үнэ 110 хувь өссөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт тухайн улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээнээс шууд хамаардаг. Эдийн засаг тэлэхийн хэрээр үл хөдлөхийн нэрлэсэн үнэ өсдөг. Оффисын түрээсийн үнэ ч бас үүнтэй төстэй.

“Монголын барилгын салбар ойрын жилүүдэд тогтвортойгоор өснө.”

Тэгвэл ойрын 5 жилийн хугацаанд энэ салбарын зах зээлийн төлөв ямар байх вэ?

Ойрын 5 жилийн хугацаанд оффисын нэрлэсэн үнэ хамгийн багадаа 50 хувь өснө. Одоогоос 7 жилийн дараа Монголын ДНБ-ий өсөлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал бий. Одоогоор ДНБ-ний хэмжээ 23.5 их наяд төгрөг орчим байгаа. Энэ үзүүлэлт 7 жилийн дараа 45 их наяд төгрөг хүрэх болов уу гэсэн таамаг байна гэсэн үг. Энэ таамаг биелсэн тохиолдолд Монгол улсын бүх хөрөнгийн үнэлгээ дагаад өснө.

Хаанаас гарсан таамаглал дээр үндэслэн та үүнийг ингэж итгэлтэй хэлж байна вэ?

Сүүлийн 10 жилд Монголын ДНБ-ий жигнэсэн дундаж өсөлт 5.4 хувьтай байсан. Хэдийгээр улс төрийн байдал тогтворгүй, уул уурхайгаас дан ганц хараат байна гэдэг ч эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай яваад ирсэн. Энэ үзүүлэлтээ алдахгүй явах магадлал өндөр. Жам ёсоороо яваа эдийн засаг 7 жилд 2 дахин өсдөг гэсэн ерөнхий таамаглал  байдаг. Монголын эдийн засаг хэт жижиг, хэт мэдрэмтгий. Энэ нь сайн тал болох нь ч бий. Жишээ нь: Оюутолгой төслийн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт хийгдэхэд л асар том өсөлт гарна. Шинээр нэг том уул уурхайн төсөл хөдөлж эхлэхэд л эдийн засаг хоёр дахин өсөх  магадлалтай.

Та салбартаа олон жил ажилласан туршлагатай хүний хувьд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн оргил үе хэзээ байсан гэж боддог вэ?

Манай улсын эдийн засаг нялх үе дээрээ явж байна. Нийгмийн байдал, эдийн засаг нь хүнээр бол 18 настай амьдралд дөнгөж хөл тавьж буй залуухан. Энэ цаг үед амьдарч байгаа бүтээе, хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн хувьд асар их боломж нээлттэй, сайхан үе юм. Бүр гайхалтай боломжоор дүүрэн үе. Тиймээс Монголын аж ахуй нэгж эрхлэгчид цаашид олон олон оргил амжилтуудад хүрэх болно. Үл хөдлөх хөрөнгийн арилжаа 2006 оноос маш эрчимтэй явагдаж эхэлсэн. Орон сууцны зах зээл нь 2017 оноос хойш  нийлүүлэлтийн илүүдэлтэй, оффисын зах зээлийн хувьд 2016 оноос хойш эрэлт, нийлүүлэлт тэнцвэржсэн. Харин үйлчилгээний салбар нь зах зээлийн эрэлттэй амьдралын мөчлөг дээрээ тус тус явж байна.

“Оффисын хувьд давхартаа 10 албан байгууллагатай байвал сайнд тооцогдоно”

Хоёулаа яриагаа оффис руу чиглүүлье. Монголын оффисын зах зээлийн өнөөгийн байдал ямар байна вэ?

Энэ салбарын зах зээл нь арилжааны, арилжааны бус гэсэн хоёр хэв шинжтэй. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар зах зээлд нийт 41 арилжааны оффис, 160 арилжааны бус оффис байна. Тэдгээрийн дундаж дүүргэлт нь 88 хувьтай байгаагийн А+ зэрэглэлийн оффисын дүүргэлт 95 хувьтай буюу хамгийн сайн дүүргэлттэйгээр тэргүүлдэг. Байршлын хувьд хамгийн их дүүргэлттэй дүүргээр Сүхбаатар дүүрэг 91 хувь, Хан Уул дүүрэг 90 хувийн  дүүргэлттэй. Түрээсийн үнийн хэлбэлзэл нь 1 мкв: 25,000-75,000 төгрөгийн хооронд, худалдах үнэ нь 1 мкв: 2.5- 12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Оффисын түрээслэх дундаж үнэ мкв нь 29,500 төгрөг, худалдах үнэ дунджаар мкв нь 3,560,000 төгрөг байна.

Арилжааны төслүүд нь хоёр хэв шинжтэй. Нэг дүгээрт хотын төвд, үнэ цэнэтэй байршилд, том хэмжээний ашигтай талбайтай оффисын талбайд урт хугацаанд үр өгөөж хүртэх зорилготой, гаднын хөрөнгө оруулалттай, зөвхөн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг төсөл хэрэгжүүлэгчид. Харин нөгөө хэсэг нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилаагүй, барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулах бодлогогүй, өндөр ашиг хүртэх зорилготой, хэт өндөр үнээр борлуулаад зах зээлээс гарах бодлоготой төсөл хэрэгжүүлэгчид байна.

Эндээс үзэхэд Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, татвараа тогтмол төлөөд явж байгаа, хөгжлийн түүчээ болсон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах оффисын төсөл байхгүй байна.

Хэдийгээр оффисын зах зээл илүүдэлтэй байгаа ч, өсч буй жижиг дунд аж ахуй нэгж эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оффисын нийлүүлэлт бага байгаа нь зах зээлийн зөрүү үүсгэдэг.

Оффисын барилгууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Гэтэл зах зээлд зөрүү байсаар байна гэхээр сонирхолтой санагдлаа?

Монголын оффисын төслүүдийг А, B, C гэж 3 зэрэглэлд ангилж үзэж болно. Ингэж ангилахдаа дараах шалгууруудыг ерөнхийд нь үндэслэдэг. А зэрэглэл гэдэг нь 13-аас дээш давхартай, 10,000 мкв-аас дээш ашигтай талбайтай, шил металл пасадтай, үзэмж загвар сайтай, тав тух бүрдүүлэх бүхий л үйлчилгээгээр хангасан байдаг. B зэрэглэл нь 7-12 давхар, шавар пасадтай, 5-10,000 м2 ашигтай талбайтай, боломжийн үзэмж загвартай, тав тух үйлчилгээг зохих хэмжээгээр шийдэж өгсөн байдаг. С зэрэглэлд 7 хүртэл давхар, 5000 м2 хүртэл ашигтай талбайтай, үзэмж загвар, тав тух, үйлчилгээ муутай оффисууд багтана .

Ингээл харахад А зэрэглэлийн оффисын үнэ ба төлбөрийн нөхцөл нь оффис худалдан авъя, түрээсэлье гэж байгаа компаниудын санхүүгийн чадавхиас хэтийдсэн. Тиймээс ч А зэрэглэлийн ийм оффисуудад голчлон гадаадын хөрөнгө оруулалттай, тэр дундаа ашгийн маржин өндөртэй уул уурхайн компаниуд илүү ихээр байршдаг. Гэтэл 6-10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, өөрийн хөрөнгөтэй болох хэрэгцээтэй аж ахуйн нэгж байгууллагуудын чадамжид нийцсэн үнэ, төлбөрийн нөхцөлтэй, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн оффис зах зээлд хомс. Энэ нь зах зээлийн зөрүү үүсгэж байна.

Ер нь оффис худалдан авч буй хэрэглэгчид ямар шалгуур, шаардлагыг тавьдаг болсон бэ?

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, хүсэмжит оффис нь ямар байдаг талаар манайх олон судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээс харахад, тэд оффисын хамгийн чухал үзүүлэлтийг нэгт байршил, хоёрт үнэ, гуравт зэрэглэл, дөрөвт зогсоол гэж дүгнэжээ. Харин ижил байршилтай оффисуудаас сонголтоо хийхдээ үнэ, зогсоол, тав тух, үйлчилгээ гэсэн эрэмбэтэйгээр шийдвэрээ гаргадаг байна. Одооны оффисын зах зээлд амжилттай өрсөлдөхийн тулд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх мөн ирээдүйн үнэ цэнийг өсөлттэй байлгах үүднээс олон улсын чиг хандлагыг тогтмол судлан туршлага хуримтлуулж, түүнтэй зэрэгцэн алхах нь чухал юм.

Тиймээс ч ААН-үүд одоогийн хэрэгцээ шаардлага болон олон улсын оффисын жишиг стандартад нийцсэн оффисыг л хүсч байна. Эдгээр шаардлага нь цогц бүрдэж байж ирээдүйд үнэ цэнэ нь өсч, хэрэглэгчийн хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж, бизнесийн амжилтад нь эерэгээр нөлөөлөх болно.

Оффис худалдаж авсан хүн жилийн 20 хувийн ашигтай хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг”

Оффис худалдаж авахын давуу тал болон эрсдэлтэй тал нь юу вэ?

Оффис зайлшгүй шаардлагатай бизнесийн төрлүүд гэж бий. Тэдний хувьд түрээслэх эсвэл худалдаж авах гэсэн хоёр сонголттой. Дээр дурдсан ирэх 7 жилийн эдийн засгийн өсөлтийг харах юм бол оффис худалдаж авсан хүн жилийн 20 хувийн ашигтай хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдэлгүйгээр хийж буй хөрөнгө оруулалт гэж үзнэ. Хоёрдугаарт оффисын түрээсийн үнэ ба худалдааны үнийн зөрүүг харвал ямар ч тохиолдолд худалдаж авсан нь зөв. Тухайн компани 10 жил оффис түрээсэллээ гэж бодъё. Тэгвэл түрээсийн үнэ нэг хэвэндээ байхгүй, өссөөр л байх болно. Эцсийн дүнд бодоход түрээсэнд зарцуулсан зардлаараа өөрийн гэсэн оффистой болох боломж байсныг ухаардаг. Монгол улсын хувьд үсрэнгүй хөгжлийн үе шат дээрээ явж байгаа учраас сайн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хүн нь хожно. Зах зээлийн эрэлтэт оффисын үл хөдлөх гэдэг нь дээр дурдсан 8 цогц шаардлагыг хангасан байхыг хэлж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд тухайн хөрөнгийн үнэ цэнэ огцом өснө.

Нийслэлд байгаа оффисын барилгуудаас хамгийн шилдэг, ТОП-ыг нэрлээч гэвэл та аль, алийг онцлох бол?

Шилдэг гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө хардаг. Манай судалгааны үр дүнгээс үзэхэд өнөөдрийн байдлаар жишиг болж байгаа хамгийн хүсэмжит оффис гэвэл Шангри-Ла байна. Сайн оффис нь тухайн компанийнхаа үнэ цэнийг тодорхойлж, брэндийн имижийг өсгөж байдаг. Тиймээс ч хэрэглэгчид олон улсын түвшний стандарт, шаардлагад нийцсэн оффисыг хүсээд байгаа юм.

Монгол Улсад маань бүртгэлтэй 100 гаруй мянган аж ахуй нэгж бий. 2009 оны хямралын үеэр 26 мянган аж ахуй нэгж татвар төлсөн байдаг. Эстон улс бас манайхтай төстэй. Тухайн орны татвар төлдөг аж ахуй нэгж нь мөн 30 мянга орчим. Тэгэхээр 3 сая хүнтэй улс оронд бол 30 мянга орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг байх нь гээд төсөөлье. Энэ 26 мянган аж ахуй нэгж цаашдаа хэрхэн хөгжих вэ? Тэдний ирээдүйн хөгжлийг урьдчилж хараад удирдаад, ирээдүйд бий болох хэрэгцээг нь хангаад өгөх хэрэгтэй байгаа юм. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр компаниудын ч чадавх нэмэгдэж, илүү их хэрэгцээ, тав тухыг хангасан, бизнесийн нэр хүндийг илэрхийлсэн оффис хэрэг болно. Бүх компаниуд хотын төвдөө байя гэхээр боломж нь тийм өргөн биш. Тэглээ гээд хаана ч хамаагүй байж болохгүй. Бид Хоймор, Pro One оффисын төслийн бүтээн байгуулснаар энэ орчинд “Бизнесийн дүүрэг”-ийн ул үндсийг тавьсан гэж боддог.

Танай хэрэгжүүлсэн Хоймор, Pro One төслүүд зах зээлд маш хурдан борлогдсон. Энэ амжилтын нууц нь юу вэ?

Манай Мастер групп бизнес хөгжлийн хоёр том хүчирхэг багтай. Үүгээрээ бахархдаг. Анх зургаахан ажилчинтай жижигхэн зуучлалын компани байгуулагдаж байхад л хоёр нь судлаач байсан гэхээр энэ тал дээр хэр өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байгаа болов уу. Судалгааны  хувьд бид салбартаа хамгийн сайн нь гэж итгэлтэйгээр хэлж чадна. Бидэнд 10 жилийн туршлага, хамгийн чадварлаг мэргэжилтнүүд, хамгийн өргөн мэдээллийн сан байна. Хямралын жилүүдэд баригдсан хоёр төсөлд маань сэтгэл, чанар шингэсэн, судалгаан дээр үндэслэсэн, хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн, өөрийн гэсэн концепцтой байсан учраас амжилттай борлогдсон. Хүмүүс анх утаатай, гэр хороололтой газар оффис барих зөв үү? гэж гайхаж л байсан. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын бизнесийн шинэ дүүрэг ирээдүйд энд бий болох нь тодорхой харагдсан.

Түүнчлэн хотын А зэрэглэлд байгаа оффисын хэрэглэгчдийн 22 хувь нь гаръя гэж байна. Тэгээд хотын төвөөс 1000 метр радиус дотроо ижилхэн бүр түүнээс ч илүү тохижилттой оффисд, гаднаа хангалттай зогсоолтой, арай хямд үнэ санал болговол шууд ороход бэлэн гэж хариулсан. Б зэрэглэлийн оффисоос татгалзах хандлага ч их байна. Бизнес нь өсөөд, цаашид илүү хөгжиж дэвших шатандаа ирсэн, хүний нөөц нь нэмэгдэж буй компаниуд сайн оффисд орохыг маш их хүсдэг. Энэ хүсэл шаардлагад нь нийцэх, таатай үнийн саналтай оффисын нийлүүлэлтийг нь манайх анх хийсэн гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. “Хоймор” оффис маань гэхэд 100 машины зогсоолтой. Зогсоол нь бялхаж дүүрээд, машин орох зайгүй болох тохиолдол гардаггүй. Ийм зогсоолтой, хотын төвд ойрхон, үйлчилгээ сайтай мөртлөө үнийн хувьд хямд оффис манайхаас өөр байхгүй.Үл хөдлөх хөрөнгийн хувьд ирээдүйн үнэ цэнэ чухал. Бид Хоймор, Pro One хоёроо маш аз жаргалтайгаар зарсан. Манайхыг худалдаж авахаар ирсэн хүмүүст “Энэ бол танд өгч байгаа бэлэг шүү” гэж хэлэх дуртай. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам энэ төслүүдийн маань үнэ цэнэ улам нэмэгдэх болно. Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт мөн гэж итгэлтэйгээр хэлж чаддаг. Хүний өмнөөс хараад ингэж хэлж чадна гэдэг үнэхээр кайфтай.

Монголын хамгийн олон судлаачтай компанитай Pro One төслөөс оффис худалдаж авсан байдаг. Өөрсдөө Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн судалгааг хийсэн, хаана ямар байрлал ашигтайг сайн мэдэж байгаа хүмүүс энд оффис авсан гэхээр манай чанар чансааг, ирээдүйн үнэ цэнийг үнэлсэн хэрэг гэж боддог.

“Манай шинэ төслийг инженерүүд “Бяцхан Шангри-Ла” гэж нэрлэдэг”

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт баригдаж байгаа оффисийн барилгуудад архитектур, интерьер дизайны хувьд хандлагын ямар өөрчлөлт гарч байна вэ?

Мэдээж өмнөх үеийн барилгуудтай харьцуулахад гаднах болоод дотор өнгө үзэмж эрс сайжирсан. Орчин үеийн барилгууд өнгө төрхөндөө хэт их анхаарал хандуулаад жинхэнэ мөн чанартаа бага анхаарч байна уу гэж хардаг. Би энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн хэрэглэгчдийн хүлээлт нь архитектур төлөвлөлтийн хурдаас давчихсан. Монголын бизнес эрхлэгчид наад зах нь 3-4 оронд очоод үзчихсэн байна. Тэд өндөр хөгжилтэй орнуудын барилга байгууламжтай дүйцэхүйц зүйлийг хүсч байна. Гэтэл энэ хүлээлтэд нь нийцсэн барилгыг барих хэмжээний бүтээн байгуулагчид манайд ховор. Үүнээс шалтгаалаад тодорхой хэдхэн төслүүд л амжилттай явдаг. Нийт баригдаж буй төслүүдийн 60-аас дээш хувь нь концепцийн хувьд алдаатай. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын гол шалтгаан нь болж магадгүй.

Тэгвэл дэлхийд ямар чиг хандлага трэнд болж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн зан төлөв худалдан авагчаас үйлчлүүлэгч төлөв рүү шилжиж байгаа. Оффисын дотор заслын чиг хандлага бүхэлдээ “Well Being” концепц руу чиглэж эхэлсэн. Бизнесийн гол хөдөлгөх хүч болсон хүний эрүүл мэндийг дэмжиж, тэднийг илүү үр бүтээлтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, бусадтай холбоо харилцаа тогтоох нээлттэй орчинг бүрдүүлсэн цогц концепцтой орчныг бүтээж байна. “Well being” концепцийн давуу тал нь хүний эрүүл мэндэд төвлөрч байгалийн элементүүдийг ашиглан, хиймэл, хортой материалуудаас татгалзаж, удаан эдэлгээтэй чанартай хэрэглээг дэмждэг. Мөн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг барилгын гадна талд биш дотор орчинд оруулж хүмүүст илүү ойртуулсан “Biophiliс” дизайныг энэхүү концепцдоо түлхүү оруулж байна.

Дэлхийн хаана ч өндөр хөгжилтэй орнуудад ямар чиг хандлага ноёрхож байна, түүнийг хэрэгжүүлж, илүү ойртуулах нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн гол зорилго болсон. Энэ нь эргээд хэрэглэгчид нь мэдээллийн эрин зуунд амьдарч, илүү хөгжингүй болсонтой шууд холбоотой юм.

Ийм төрлийн барилга байгууламж Монголд бий юу? 

Яг өнөөдрийн байдлаар манайд ийм концепцтой төсөл байхгүй. Бид Монголдоо анх удаа “Well Being-Biophiliс” дизайныг тусгасан концепцтой төслийг эхлүүлсэн. Энэ бол UB TOWER төсөл юм. Манайх UB TOWER төсөл дээрээ 9 хүнтэй судалгааны багийг бүтэн жилийн турш ажиллуулж, дээрээс нь энэ чиглэлийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран концепцоо гаргасан. “Well Being-Biopholic” концепц нь хүний биеийн болон оюун санааны эрүүл мэндэд чиглэсэн, хүнийг илүү эрч хүчтэйгээр сэтгэл өөдрөг ажиллах орчинг бүрдүүлэхэд төвлөрч буйгаараа онцлогтой байдаг. Зөвхөн дотор орчин гэлтгүй гадна тохижилтоо анхаарч ажиллаж байгаа нь өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэгчдээс үгүйлэгдэж байгаа нэг томоохон өөрчлөлт гэж харж байгаа. Барилгынхаа зөвхөн үүдний хэсгийг тохижуулаад зогсохгүй төслийн ойр орчинд байгаа газар, усаа хамгаалж нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажил хэрэг болгож эхлээд байна.  Улаанбаатар хотын маань хамгийн санаа зовоосон нэг асуудал нь тоосжилт байна. PM 2.5-аас дээш тоосжилттой орчинд бид, бидний үр хүүхэд амьдардаг. Сэлбэ гол нь Улаанбаатар хотын маань дундуур урсаж байгаа цор ганц гол бөгөөд нарийн ширхэгтэй тоосжилтыг хаах байгалийн хөшиг болдог. Шинэ төслийнхөө хүрээнд бид Сэлбэ голынхоо эрэг хэсгийг тохижуулж тэр хавийн оффис, болон орон сууцны иргэд тайван амгалан салхилах, зугаалах боломжтой тав тухтай, ногоон байгууламжийг хамтраад хийхээр төлөвлөсөн. Манай компани ОУ-ын стандартын дагуу дээрх концепцийг хэрэгжүүлэхэд шаардагддаг бүх хүчин зүйлсийг судлан барилгын төлөвлөлтөөс эхлэн хэрэгжүүлэлт дээр анхааран ажиллаж байна. Ингэснэээр UB TOWER нь “Бизнесийн дүүрэг” хэмээх томьёололд бүрэн нийцсэн, хүсэмжит оффис болох юм. Орчин үед трэнд болж буй концепцийг тусгасны дээр барилгын чанарын хувьд супер сайн гэж нүүр бардам хэлнэ. Нэг метр квадратад оногдох арматур орон сууцны барилгад бол 70-80 кг байвал боломжийн гэж үздэг. Манай барилгын хувьд нэг метр квадратад оногдох арматур төмрийн хэмжээ 170 кг. Бетон зуурмагийн хувьд 350-400 маркийн бетоныг цутгаж байгаа. Шангри-Ла төсөл дээр ажилласан инженерүүд манайхыг “Бяцхан Шангри-Ла” гээд нэрлэчихсэн байна лээ \инээв\. Мөн бид Монголд анх удаа ийм төсөл хэрэгжүүлж байгаа учраас 30 жилийн туршлагатай япон зөвлөхтэй хамтран ажиллаж байна.

UB TOWER төсөл хэзээ ашиглалтад орох вэ?

Төслийн маань явц одоогоор 40% хувьтай байна. Бид 2019 оны 11 сард барилгаа бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хэрэглэгчдэд өгөхөөр цоо шинэ хэв маягтай эвентийг энэ улиралдаа багтаан хийхээр төлөвлөж байна.

Танай компани юунд зорьж ажилладаг вэ?

Бид аз жаргалтайгаар хүмүүст болон байгаль дэлхийдээ тусалж, бүтээлч, үр ашигтай ажиллаж тогтвортой хөгжил тэмүүлнэ гэсэн эрхэм зорилготой. Мөнгөн ашиг олохын төлөө биш, өөрсдийн үнэт зүйлд нийцсэн зүйлийг хийхийг хичээдэг. Ажлаа аз жаргалтайгаар хийх дуртай. Барилгын салбарын онцлог нь хүнийг хуурч чадахгүй. Муу юм хийсэн бол тэр дороо мэдэгдэж, нэр хүндэд сэв сууна. Бид цаашдаа олон төсөл хэрэгжүүлэх зорилго төлөвлөгөөтэй учраас хүнийг хуурсан, түр зуур аргацаасан зүйл хэзээ ч хийж болохгүй. Тиймээс ч чанартай төсөл хэрэгжүүлдэг. Хийж буй бүх зүйл маань хүмүүст аз жаргал, сайн сайхан бүхнийг өгөх ёстой гэж боддог. Бидний эрхэм зорилгод “Эх дэлхийдээ тусална” гэсэн санаа байгаа учраас бүх төслийнхөө хүрээнд байгальд ээлтэй бүтээн байгуулалт хийхийг зорьдог. Монгол хүн бүр амьдрах орчноо сайн сайхан болгоё, байгаль дэлхийгээ хайрлая гэсэн сэтгэлтэй байна. Бид хүмүүсийнхээ санаа бодлыг нийлүүлээд зохион байгуулаад сайн сайхан ажлуудыг хийе гэж байгаа юм. Бидний хувьд эрхэм зорилго алсын хараанд багтсан үг болгон нь чухал ач холбогдолтой. Үүнийгээ өдөр тутамд санаж, хэрэгжүүлж байхыг хичээдэг.

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой талаар таниас зөвлөгөө аваад ярилцлагаа төгсгөе?

Хэрэглэгчийн хүсэл шаардлага улам л өндөрсөж байна. Энэ хурдыг гүйц. Өөрсдийн сонирхол, таашаалд нийцсэн зүйлийг биш хэрэглэгчийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэ. Мэргэжилтнүүдэд итгэ, судалгаа хий. Манай үл хөдлөх хөрөнгийн салбарын өөрчлөгдөх ёстой зүйл бол өөрсдийнхөө сэтгэл санаагаар, өөрсдийнхөө зөв гэж бодсоноо хийдэг. Хэрвээ амжилттай төсөл хийе гэвэл дан ганц 5, 10 жилийн туршлагадаа найдах хэрэггүй. Туршлага, мэдлэг, судалгаа, гадны жишиг зэргийг бүгдийг харьцуулж, нийцүүлж байж цогц бүтээгдэхүүнийг хүргэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс ч манай хамт олон “Бид эхлээд зөвлөдөг” хэмээх уриатай ажилладаг. Бидэнтэй ярилцаж зөвлөхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэдгийг дахин хэлэхэд таатай байна. Баярлалаа.

Танд оффис худалдан авах хэрэгцээ шаардлага байвал Мастер Пропертис ХХК-ийн хамт олонтой холбогдож зөвлөгөө аваарай.

Утас: 7704-4444

Фэйсбүүк: http://www.facebook.com/masterpropertiesMGL