ОФФИСОО ЯАЖ ТОХИЖУУЛАХАА ШИЙДЭЭГҮЙ БАЙНА УУ?

Сүүлийн жилүүдэд оффисоо нээлттэй дизайнаар тохижуулах уу? Эсвэл хаалттай буюу уламжлалт дизайнаар хийх үү гэдэг нь маргаантай сэдэв байсаар байгаа.

Нээлттэй оффисын дизайны хувьд бүх ажилчид бие махбодийн хувьд ямар ч саадгүйгээр нэг орон зайд хамтран ажилладаг бол хаалттай оффис нь ажилтан бүрийн хувийн орон зайг ханган, анхаарал сарниулахгүй төвлөрч ажиллахад тусладаг.

Үнэн хэрэгтээ ажлын талбар бүр өөрийн гэсэн давуу талтай бөгөөд ихэнх ухаалаг бизнесүүд нээлттэй төлөвлөгөөний ажлын талбайг хувийн орон зайтай хольж, холимог арга барилаар оффисоо тохижуулсан байдаг.

Нээлттэй оффисын зохион байгуулалт

Нээлттэй оффис нь хуваалт байхгүй гэдгээрээ онцлогтой тул та ажлын талбайн хооронд хана, тасалгааг хайгаад олохгүй. Зохион байгуулалтын хувьд урт ажлын ширээний ард зэрэгцэн ажиллаж, бие даасан компьютеруудыг интервалтайгаар байрлуулдаг.

Нээлттэй оффисын давуу талаас дурдвал

  1. Танай оффисыг илүү цэлгэр том харагдуулах ба хаалт хийхгүй учраас байгалийн гэрэл чөлөөтэй тусан гэрэл гэгээтэй, агаартай харагдуулдаг.
  2. Хаалттай оффисын зохион байгуулалттай харьцуулахад квадрат метр тутамд илүү олон ажилчдыг багтаах боломжтой.
  3. Оффисын талбайг хүссэнээрээ бүтээлчээр тохижуулах боломжийг олгоно.
  4. Ажилтнуудыг бие биетэйгээ илүү ойр ажиллах, хамтын ажиллагааг сайжруулдаг.
  5. Хуваалт болон нэмэлт хаалга, хаалтыг хийхгүй байснаар оффисоо тохижуулах зардал хэмнэх боломжтой.

Харвардын Бизнесийн сургуулийн дэд профессор Этан Бернштейн "Компаниуд нээлттэй, илүү хамтын ажиллагаатай, интерактив орон зайг хүссэн үед ихэвчлэн нээлттэй оффисыг сонгодог” гэж хэлсэн байдаг.

Харин сул талын хувьд ажилтнуудын хоорондын яриа болон бусад дуу чимээ (утасны дуудлага гэх мэт) хоорондын тасралтгүй харилцан үйлчлэлээс шалтгаалан чимээ шуугиан ихтэй байдаг. Энэ нь анхаарал сарниулах, төвлөрч ажиллахад хэцүү болгодог учраас ажлын бүтээмж буурах магадлалтай.

Мөн бүгд хамт суудаг тул хаалттай оффисын дизайнтай харьцуулахад ажилтны хувийн нууцлал бага байдгаараа сул талтай.

Хаалттай оффисын зохион байгуулалт

Хаалттай оффис нь хуваалттай бие даасан ажлын талбараар дамжуулан ажилтны хувийн нууцад илүү их анхаарал хандуулдаг ба бүрэн төвлөрөх боломжийг олгон үр бүтээмжтэй ажиллахад тусладаг. Энэ төрлийн загварын хувьд хуулийн фирм, санхүү аудитын компани зэрэг байгууллагуудад илүү зохимжтой байдаг.

Гэвч хаалттай оффисыг төлөвлөхөд харьцангуй үнэтэй байдаг. Учир нь тасалгаа бүрт нэмэлт хуваалт, хаалга хийх шаардлагатай болдог ба өрөө бүрийг тусад нь гэрэлтүүлж, хөргөж, засвар үйлчилгээ хийх ёстой бөгөөд энэ нь оффис тохижуулах зардлыг нэмэгдүүлдэг.

Мөн ажилтан бүр тус тусын өрөөнд тусгаарлагдсан байдаг тул хамтран ажиллагсдын хоорондын харилцаа тийм ч дотно биш байдаг учраас хамтын ажиллагаанд нөлөөлөх магадлалтай юм.

Бизнесийн онцлогтоо таарсан хамгийн зөв оффисын шийдлийг хэрхэн олох вэ?

Хэрхэн хамгийн сайн оффисын зохион байгуулалтыг сонгох нь таны бизнесийн төрөл болон ажилтнууд тань ямар арга барилаар ажиллавал илүү үр дүнтэй байдаг вэ гэдгээс шалтгаална. Та заавал нээлттэй, хаалттай оффисын аль нэгийг сонгох шаардлагагүй.

Оффисын хамгийн сайн шийдлийг тодорхойлох нэг арга бол өөрөөсөө дараах гурван энгийн асуултыг асуух явдал юм.

  1. Компаний ажилтнууд хэрхэн хамгийн үр дүнтэй ажилладаг вэ?
  2. Өдрийн турш юу хийж байна вэ?
  3. Хүмүүстэй ярилцахад хялбар орон зай хэрэгтэй юу, эсвэл ихэнх нь төвлөрч суух шаардлагатай байдаг уу?

Эдгээр асуултад хариулснаар та ямар төрлийн физик орон зай нь танай багт үр бүтээлтэй байх болно гэдгийг илүү сайн ойлгох болно.